Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг (ХОБОМ) гэдэг нь байгаль орчны төлөв байдал, өөрчлөлт болон төслийн үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй нөлөөллийг нутгийн иргэд, тариаланчид, малчид, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч болон бусад оролцогч талууд хамтран ажиглаж, хэмжиж, хянаж, баримтжуулах хамтын оролцоонд суурилсан мониторингийн үйл явц юм. ХОБОМ нь зөвхөн байгаль орчны хэмжилт хийх тухай ойлголт биш. Харин бодит мэдээлэл цуглуулах, мэдээллийг ил тод болгох, байгаль орчны эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай хамгааллын арга хэмжээг цаг тухайд нь авах, талуудын харилцан хяналт, хариуцлагыг сайжруулахад чиглэнэ. Талууд нэг ижил бодит мэдээлэлд тулгуурлан асуудлыг хэлэлцсэнээр таамаг, үл ойлголцлыг багасгаж, цаашдын шийдвэрийг илүү үндэслэлтэй, үр дүнтэй гаргах боломж бүрдэнэ.
Иргэд яагаад ХОБОМ-ийн чухал оролцогч вэ?
Орон нутгийн иргэд орчны өөрчлөлтийг хамгийн түрүүнд анзаардаг. Тухайн нутагт амьдарч, хөдөө аж ахуй эсвэл мал аж ахуй эрхэлж буй иргэд ус, агаар, хөрс, ургамал, бэлчээр болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийг өдөр тутамдаа хамгийн ойроос ажигладаг. Хамтарсан мониторинг нь итгэлцлийг бэхжүүлнэ.
Мониторинг яагаад тогтмол байх ёстой вэ?
Байгаль орчны төлөв байдал, өөрчлөлтийг нэг удаагийн хэмжилтээр бүрэн тодорхойлох боломжгүй. Иймээс мониторингийг тодорхой хугацаанд, тогтсон аргачлал, давтамжийн дагуу тогтмол хийх шаардлагатай.
Тогтмол мониторингийн үр дүнд байгаль орчны суурь нөхцөл болон цаг хугацааны явц дахь өөрчлөлтийг харьцуулан үнэлж, болзошгүй нөлөөллийг эрт илрүүлэх боломж нэмэгдэнэ.
ХОБОМ-ын хүрээнд нутгийн малчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч талууд хамтран:
Байгаль орчны төлөв байдлыг ажиглах, хэмжих, бүртгэх
Мониторингийн мэдээллийг харилцан солилцох
Гарсан өөрчлөлт, эрсдэлийг бодит мэдээлэлд үндэслэн хэлэлцэх
Шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцох, шийдвэрлэх, хамтран хяналт тавих боломжтой.
Ингэснээр иргэдийн оролцоо, мэдээллийн ил тод байдал, харилцан хяналт, талуудын итгэлцэл болон хамтын хариуцлага нэмэгдэнэ.
Мөн төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа байгаль орчныг хамгаалах зарчим, холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хариуцлагатай хэрэгжихэд дэмжлэг болно.
ХОБОМ бол зөвхөн компанийн хийдэг мониторинг биш. Энэ бол нутгийн иргэд болон бусад оролцогч талуудын оролцоотой хамтын хяналт юм.