“Хургатай Хайрхан” ХХК нь орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, залуусын сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, боловсрол эзэмшихэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.







Тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, идэвх санаачилга, суралцах хүсэл эрмэлзэлтэй залуусыг дэмжихийн зэрэгцээ орон нутагт шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, залуу үеийнхний хөгжлийг дэмжихэд чиглэдэг. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сурлагын ахиц, гүйцэтгэлийг тогтмол үнэлж, хөтөлбөрийн шаардлагыг ханган амжилттай суралцаж буй оюутнуудын дэмжлэгийг үргэлжлүүлэн олгодог.
Хөтөлбөрийн үр дүн
Жил бүр 20 оюутныг тэтгэлэгт хамруулж, төгссөн оюутнуудын оронд шинэ оюутнуудыг сонгон шалгаруулах зарчмаар хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлж байна.
2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 41 оюутан хүсэлт ирүүлснээс 5 шинэ оюутныг шалгаруулж, тэтгэлэгт хамрагдах боломж олголоо.


“Хургатай Хайрхан” ХХК нь боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтыг орон нутгийн урт хугацааны хөгжлийн чухал үндэс гэж үздэг. Иймд залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, тэдний ирээдүйн боломжийг өргөжүүлэх замаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул эсхүл Бүрэнтогтох суманд оршин суух хаягийн бүртгэлтэй байх
Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 1-4 дүгээр дамжаанд суралцдаг байх
Сургалтын төлбөрийг санхүүжүүлдэг өөр тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
Сургалтын амжилт, хичээлийн ирц сайн, суралцах хүсэл эрмэлзэлтэй, тууштай хичээл зүтгэлтэй байх
Их, дээд сургуулийн голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
Тавигдсан үндсэн шаардлагаас гадна сонгон шалгаруулалтын явцад дараах нөхцөлийг харгалзан үзнэ:
Өрхийн орлого
Гэр бүлийн нөхцөл байдал
Эдгээр нөхцөлийг харьяа сумын Засаг даргын тодорхойлолтоор баталгаажуулна.
Оюутан нь аливаа тэтгэлэгт давхар хамрагдаагүй байна. Давхар хамрагдсан нь тогтоогдвол тэтгэлгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
“Хургатай Хайрхан” тэтгэлгийг мэргэжил харгалзахгүйгээр олгоно. Харин тухайн сум, орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцаж буй оюутанд сонгон шалгаруулалтын явцад давуу тал олгоно.
Шалгарсан оюутантай суралцаж төгсөх хүртэлх хугацаагаар гэрээ байгуулна. Тэтгэлгийг тухайн сургуулийн албан ёсны нэхэмжлэхэд үндэслэн хичээлийн хагас жил тутам сургуулийн дансанд шууд шилжүүлнэ.
Оюутанд сургалтын төлбөрийг бэлнээр олгохгүй.
Оюутны тухайн улирлын голч дүн 3.0 ба түүнээс дээш байвал дараагийн улиралд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах эрхтэй.
Эсээ:
a. Нэг нүүр багтаах;
b. Тухайн мэргэжлийг сонгосон шалтгаанаа тайлбарлах;
c. Төгссөний дараа төрөлх сумынхаа хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бичих;
d. Хариуцлагатай хөгжлийн талаар, үүнд “Овоот” коксжих нүүрсний цогц төсөл орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар өөрийн үзэл бодлоо тусгах;
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (Төрийн үйлчилгээний цахим систем);
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (PDF өргөтгөлтэй);
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа (Төрийн үйлчилгээний цахим систем);
Их, дээд сургуулийн портал (оюутны веб)-аас авсан оюутны тодорхойлолт;
Их, дээд сургуулийн портал (оюутны веб)-аас авсан дүнгийн хуудас (2-4 дүгээр дамжааны оюутнууд);
Өрхийн орлого, гэр бүлийн нөхцөлийн талаарх тодорхойлолт (харьяа сумын Засаг даргын Тамгын газар);
Төгссөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт;
ЖИЧ:
Материалаа эмх цэгцтэй бүрдүүлж, хавсралт файл бүрийг тодорхой нэрлэн, заасан хугацаанд цахим шуудангаар ирүүлнэ үү. Бүрдэл дутуу, албан бус эх сурвалжаас авсан эсхүл хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Үүнээс үүдэх хариуцлагыг компани хүлээхгүй.
Компани нь таваас доошгүй бөгөөд сондгой тооны гишүүнтэй сонгон шалгаруулах комисс байгуулна.
Комиссын гишүүн бүр нэгдсэн үнэлгээний шалгуурыг ашиглан бие даан үнэлгээ өгнө. Өргөдөл гаргагч бүрд ижил өргөдлийн маягт, материал шалгах хуудас, үнэлгээний шалгуур болон ярилцлагын асуулт хэрэглэнэ.
Урьдчилсан үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан өргөдөл гаргагчдыг ижил асуулт, ижил үнэлгээний хуудсаар ярилцлагад оруулна. Ярилцлагыг биечлэн эсхүл цахимаар зохион байгуулж болно.
Комисс сонгон шалгаруулалтын явцад өрхийн орлого болон гэр бүлийн нөхцөл байдлыг нотлох баримтыг харгалзан үзнэ.
Комисс эцсийн оноо, шалгаруулалтын үндэслэл болон таван тэтгэлгийн хуваарилалтыг гишүүдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэлээр баталгаажуулна.