“Хургатай Хайрхан” ХХК нь Зориг сангаас хэрэгжүүлдэг “Байгаль орчны манлайллын хөтөлбөр” (Environmental Fellowship Program, EFP)-ийг тав дахь жилдээ дэмжин ажиллаж байна.

Тус хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдийн байгаль орчны мэдлэг, манлайлах ур чадвар, нийгмийн оролцоог хөгжүүлж, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудад бодит шийдэл эрэлхийлэх, шинэлэг санаачилга хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент, байгалийн нөөцийн зохистой ашиглалт зэрэг сэдвээр мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг, туршлага судлах аялалд хамрагддаг. Мөн эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бодит ажил хэрэг болгох зорилгоор багаар ажиллаж, байгаль орчин, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах туршилтын төслүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.

Бид залуу үеийн мэдлэг, ур чадвар, манлайлалд хөрөнгө оруулах нь байгаль орчны хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэг.

Оролцогчдын санаачлан хэрэгжүүлсэн төслүүд

Байгаль орчны манлайллын хөтөлбөрийн оролцогчид жил бүр хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Эдгээрээс 2023-2026 онд хэрэгжсэн 14, 15, 16 дугаар ээлжийн оролцогчдын санаачилсан 12 төслийг онцлон танилцуулж байна.

One Road | Нэг зам

Байгалийн хөрс, ургамлан бүрхэвчийг хамгаалах, олон салаа зам үүсэхээс сэргийлэх зорилготой төсөл. Оролцогчид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жолооч нарыг нэг замаар зорчихыг уриалсан чиглүүлэх тэмдэг, мэдээллийн самбар болон нөхөн сэргээлтийн бүсийн тэмдэглэгээ байршуулжээ.

Мөн олон салаа замын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг таниулах цахим нөлөөллийн ажил өрнүүлж, 105 мянга гаруй хүнд мэдээлэл хүргэсэн. Төслийн хүрээнд боловсруулсан тэмдэг, тэмдэглэгээний аргачлалыг бусад байршилд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

Green Link | Ногоон холбоос

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль орчны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оролцоог хөгжүүлэхэд чиглэсэн төсөл.

Төслийн хүрээнд 13 сургуулийн 75 сурагчийг хамруулсан сургалт, туршилт, багийн үйл ажиллагаа зохион байгуулж, байгаль орчны сэдэвт бүтээлийн уралдаанд Улаанбаатар хот болон таван аймгийн 28 сургуулиас 42 бүтээл хүлээн авчээ. Сурагчдын бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж, байгаль орчны асуудалд залуу үеийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

Upcycle Lab | Хаягдлыг бүтээлчээр дахин ашиглах

Хүүхэд, залууст хаягдал материалыг хэрэгцээт бүтээгдэхүүн болгон хувиргах мэдлэг, ур чадвар олгох зорилготой төсөл.

“Ид шидийн орон 2” төвийн 20 сурагчийг хамруулан хаягдлыг бүтээлчээр дахин ашиглах сургалт, дадлага зохион байгуулж, хүнсний хаягдлаар бордоо боловсруулах сав суурилуулжээ. Төслийн үр дүнд сурагчдын байгаль орчны мэдлэг, багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадвар хөгжиж, хог хаягдлыг дахин ашиглах дадлыг хэвшүүлэх эхлэл тавигдсан.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

Ppretty | Гоо сайхны бүтээгдэхүүний сав баглаа боодлын дахин боловсруулалт

Гоо сайхны бүтээгдэхүүний хуванцар сав, баглаа боодлыг ангилан цуглуулах, дахин боловсруулах дадлыг хэрэглэгчдэд төлөвшүүлэх зорилготой төсөл.

Дөрвөн гоо сайхны брэнд болон дахин боловсруулах компанитай хамтран зургаан байршилд “PPRETTY Box” цуглуулах цэг байршуулжээ. Мөн цахим болон танхимын нөлөөллийн үйл ажиллагаагаар 408 мянга гаруй хүнд хүрч, гоо сайхны бүтээгдэхүүний сав баглаа боодлыг дахин боловсруулах боломж, хариуцлагатай хэрэглээний талаар мэдээлэл түгээсэн.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

AccuCycle | Ашигласан аккумуляторын дахин боловсруулалт

Хар тугалганы бохирдлоос сэргийлэх, ашигласан аккумуляторыг зохистой цуглуулах, дахин боловсруулах тогтолцоог дэмжих зорилготой төсөл.

Оролцогчид дахин боловсруулах үйлдвэр болон хог хаягдлын менежментийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, ашигласан аккумуляторын хор нөлөө, зохистой боловсруулалтын талаар олон нийтэд мэдээлэл түгээжээ. Төслийн хүрээнд Голомт банкны 2,000 гаруй ажилтны цуглуулсан 1,095 кг ашигласан аккумуляторыг дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгсөн.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

COPGo | Цөлжилтийн эсрэг боловсролын тоглоом

Цөлжилт, газрын доройтол, Монгол орны байгалийн бүс нутгийн онцлогийг олон нийтэд сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр таниулах зорилготой төсөл.

Оролцогчид найман наснаас дээш насныханд зориулсан боловсролын ширээний тоглоом бүтээж, 300 гаруй хүнийг хамруулан туршжээ. Мөн тоглоомыг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх санал боловсруулж, харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хувилбар гаргах ажлыг эхлүүлсэн байна.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

Өвлүүлье | Модны паспорт

Ерөнхий боловсролын сургуулийн сМод тарихаас гадна түүнийг урт хугацаанд арчилж, ургуулах хариуцлагатай тогтолцоог бий болгох зорилготой төсөл.

Оролцогчид нийслэлийн 163 дугаар сургуулийн орчинд 90 мод тарьж, мод бүрийг хариуцан арчлах сурагчтай холбосон “Модны паспорт” санаачилгыг хэрэгжүүлжээ. Мөн хоёр сургуулийн 90 сурагчийг байгаль орчны сургалтад хамруулж, мод арчилгаа, бордоо боловсруулах, борооны ус ашиглах талаар практик мэдлэг олгосон.

Төслийн онцлог нь сурагчид төгсөхдөө арчилж буй модныхоо паспортыг дараагийн сурагчид өвлүүлэн үлдээх замаар байгаль хамгаалах хариуцлагыг үеэс үед үргэлжлүүлэхэд оршино.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

Re+School | Сургуулийн дахин боловсруулалт

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах дадал хэвшүүлэх зорилготой төсөл.

Нийслэл болон орон нутгийн 12 сургуулийг хамруулж, нийт 10,295 сурагчид хүрсэн бөгөөд 976 кг жинтэй 48,800 орчим хуванцар савыг цуглуулан дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлжээ. Мөн сурагчдад зориулсан сургалт, уралдаан зохион байгуулж, сургуулийн орчинд хог хаягдлыг ангилан ялгах гарын авлага боловсруулсан.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

Refill UB | Ундны ус нөхөн дүүргэх цэгүүд

Нэг удаагийн хуванцар савны хэрэглээг бууруулах зорилгоор иргэд ундны усаа үнэ төлбөргүй нөхөн дүүргэх боломжтой байршлуудыг Google Maps платформд бүртгэх санаачилга.

Төслийн хүрээнд 60 гаруй кафе, ресторан, үйлчилгээний байгууллагыг нэгтгэн, дахин ашиглах боломжтой усны савны хэрэглээг дэмжжээ. Ундны ус нөхөн дүүргэх цэгүүдийн мэдээлэл Google Maps платформд 750 мянга гаруй хайлтаар илэрч, хуванцар савны хаягдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

ECOruul | Хуванцар соруулын хэрэглээг бууруулах

Нэг удаагийн хуванцар соруулын хэрэглээг бууруулах, хэрэглэгчдийн байгальд ээлтэй сонголтыг дэмжих зорилготой төсөл.

Төслийн хүрээнд 10 кофе шоп, нэг ресторантай хамтран хуванцар соруулын хэрэглээг багасгах нөлөөллийн ажил өрнүүлжээ. Мөн олон нийт болон сурагчдад хуванцар соруулын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг таниулах сургалт, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулж, хариуцлагатай хэрэглээг уриалсан.

Энд дарж төслийн тухай дэлгэрэнгүй танилцана уу.

“Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг Зориг сангаас жил бүр хэрэгжүүлдэг бөгөөд “Хургатай Хайрхан” ХХК тус хөтөлбөрийн санхүүжүүлэгч байгууллагаар хамтран ажиллаж байна.

Хөтөлбөрийн элсэлт, сонгон шалгаруулалт болон оролцогчдод тавигдах шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зориг сангийн албан ёсны цахим хуудсаас авна уу.

Хөтөлбөрт оролцогчдыг хоёр үе шаттай шалгаруулна. Нэгдүгээр шатанд ирүүлсэн онлайн өргөдөлтэй шалгаруулалтын баг нэг бүрчлэн танилцана.

Үүнээс хөтөлбөрт хамрагдах эрмэлзэл, хөтөлбөрөөс суралцах чадавх зэргийг үнэлэн хоёрдугаар шат буюу ярилцлагад оролцох 20-22 оролцогчийг шалгаруулна.

Хөтөлбөр нь лекц, харилцан яриа, танилцах аялал гэсэн хэлбэрээр явагддаг бөгөөд долоо хоногт нэг удаа, гурван цагийн хугацаатай зохион байгуулагдана.

Хөтөлбөрийн чухал нэгэн хэсэг нь багаар хэрэгжүүлэх нийгмийн төслөөс бүрддэг тул оролцогчид өөрсдийн цагаа зохицуулан идэвхтэй оролцох шаардлагатай.

  • Багаар ажиллах, төсөл хэрэгжүүлэх, манлайлах ур чадвараа дээшлүүлнэ.

  • Байгаль орчинд тулгарч буй асуудлуудын талаар гүнзгийрүүлсэн ойлголттой болно.

  • Байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцоно.

  • Хөтөлбөрт хамрагдаж байсан чадварлаг төгсөгчдийн эгнээнд элсэнэ.

Цэс