“Хургатай Хайрхан” ХХК нь орон нутгийн хүүхэд, залуусын боловсролыг дэмжих зорилгоор “Хөвсгөл Олон Улсын Хүүхдийн Зуслан”-тай хамтран “Англи хэл, математикийн зуны сургалт” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ дэмжин хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь Хөвсгөл аймгийн ахлах ангийн сурагчдын англи хэл, математикийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх, чанартай нэмэлт боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

2025 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын ахлах ангийн 10 сурагчийг сургалтад бүрэн тэтгэлэгтэй хамруулсан. Сургалт долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 7-ны хооронд Хөвсгөл нуурын зүүн эрэгт байрлах зусланд зохион байгуулагдсан бөгөөд сурагчид нийт 70 цагийн англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн хичээл болон мэргэжил сонголтын зөвлөгөөнд хамрагджээ.

Сургалтын өмнөх болон дараах үнэлгээгээр сурагчдын мэдлэг, чадвар мэдэгдэхүйц ахиж, зарим сурагчийн үнэлгээ 30 хувиас 95 хувьд хүрсэн нь хөтөлбөрийн бодит үр дүнг харуулсан.

2026 онд хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдын нийт 15 сурагчийг сургалтын төлбөрийн бүрэн дэмжлэгтэйгээр хамрууллаа.

“Хургатай Хайрхан” ХХК нь орон нутгийн хүүхэд, залуусын боловсролд хөрөнгө оруулж, тэдний мэдлэг, ур чадвар, ирээдүйн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн хүний нөөцийн хөгжилд урт хугацааны хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Сургалтын зорилго нь сурагчдын англи хэлний харилцааны ур чадвар, математик сэтгэлгээг хөгжүүлэх, их, дээд сургуульд элсэн суралцах бэлтгэлийг хангах, мөн SAT зэрэг олон улсын шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Сургалтыг Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар дахь Америк Сургууль болон Монгол Тэмүүлэл сургуулийн туршлагатай багш нар удирдан явуулна.

  • Цэцэрлэг, Цагаан-Уул эсвэл Бүрэнтогтох сумын байнгын оршин суугч байх.

  • 2026–2027 оны хичээлийн жилд 10, 11, эсвэл 12-р ангид дэвшин суралцах байх.

  • Англи хэл, математикийн анги дэвших шалгалт болон төгсөх шалгалтаа 90-с дээш дүнтэй өгсөн байх.

Сургалтын төлбөр, байр, хоол, тээвэр гэх мэт бүх зардлуудыг “Хургатай Хайрхан” ХХК бүрэн хариуцна.

  • Сургуулийн албан бичгээр баталгаажуулсан сонгогдсон сурагчдын жагсаалт.

  • Сүүлийн хичээлийн жилийн дүнгийн хуулбар.

  • Сонгогдсон сурагч бүрийн эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн гарын үсэг бүхий зөвшөөрлийн хуудас.

  • Сурагчийн мэдээллийн хуудас (даатгалд хамруулахад шаардлагатай мэдээлэл). Үүнд:

    • Овог, нэр;

    • Регистрийн дугаар;

    • Гэрийн хаяг (аймаг, сум, баг, хаягийн дэлгэрэнгүй);

    • Холбоо барих утас.

Цэс